“Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” сэдэвт улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.

УХТЭ Монгол Улсын Эрүүл Мэндийн Сайдын 2019 оны 03 сарын 11 өдрийн А/95 дугаар тоот тушаалын дагуу 2019 оны 05 сарын 12-ны өдөр тохиох Олон улсын сувилагчдын өдрийг “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” уриан дор тэмдэглэх ерөнхий удирдамжийн хүрээнд улсын нэгдсэн арга хэмжээний ерөнхий зохион байгуулалтыг хангаж, ЭМЯ, ДЭМБ-тай хамтран ажиллаа.

Энэ удаагийн тэмдэглэлт өдрийг хүн амын хорт дадал, зуршлыг бууруулж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад сувилагчийн оролцоог нэмэгдүүлэх, мэрэгжил арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн дараах үйл ажиллагааг зохион байгууллаа. Үүнд:

  1. Эрдэм шинжилгээний хурал

2019 оны 05 сарын 8-ний өдөр сувилагч мэргэжилтнүүдийнхээ эрдэм судлалын ажлыг дэмжиж, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэх, мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, сувилахуйн шинжлэх ухааны шинэ арга технологийг нэвтрүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” сэдэвт улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Хурлын үйл ажиллагаанд 21 аймаг, 9 дүүрэг, төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн сувилахуйн албадын дарга нар нийт 300 гаруй сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн нар төлөөлөгчөөр оролцлоо.

Тус эрдэм шинжилгээний хурлаар:

  • Сувилахуйн Шинжлэх Ухааны доктор Г.Хулан “Монгол улсын гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн сувилагч нарын сувилахуйн тусламжийн чанарт нөлөөлөх хүчин зүйл” сэдвээр зочин профессорын илтгэл танилцуулав.
  • Сувилахуйн чиглэлээр туурвисан эрдэм шинжилгээ судалгааны 130 гаруй бүтээл ирснээс аман 25, ханын 80 илтгэлүүдийг хэлэлцүүлэн, сувилагч судлаачдад таниулж, олны хүртээл болгон туршлага хуваалцах зорилгоор товхимол болгон хэвлүүлж тарааж байна.

2. “Эрүүл мэндийн байгууллагын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын зорилтууд, амь тэнссэн үеийн сувилахуйн тусламж үйлчилгээ” чиглэлээрх сургалтын үйл ажиллагаанд:

  • “Үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах” сэдвээр АУ-ны доктор П.Дуламрагчаа /УХТЭ/
  • “Үр дүнтэй харилцааг бий болгох” сэдвээр АУ-ны доктор Г.Баясгалан /УХТЭ/
  • “ Мэс засал, мэс ажилбарын аюулгүй байдал” сэдвээр мэс заслын эмч Б.Ган-Эрдэнэ /УХТЭ/
  • “Өндөр эрсдэлтэй эмийн аюулгүй байдал” сэдвээр клиникийн эм зүйч Б.Цэрэнханд /УХТЭ/
  • “Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын эрсдэлийн хяналт” сэдвээр халдвар судлаач эмч Ц.Уянга, “Эмнэлгийн нөхцөлд үйлчлүүлэгчийг унаж бэртэхээс сэргийлэх” сэдвээр ТЗУ-ын магистр Ц.Ганзориг /УХТЭ/
  • “Харвалт шигдээсийн үед үзүүлэх сувилахуйн хяналт үнэлгээ” УГТЭ             
  • “Иргэн ба аврагч” УНТЭ амилуулах суурь тусламжийн үзүүлэх сургууль тус тус танилцууллаа.