Зөвөлгөө

Аминдэм гэж юу вэ?

Нийтэлсэн огноо: 2018-10-02

Аминдэмүүд нь үл орлогдох органик бодисууд байдаг. Хүний биед маш бага хэмжээтэй хэрэглэгддэг хэрнээ маш том үүргийг гүйцэтгэж байдаг ба зөвхөн хоол тэжээлээр авах шаардлагатай. Аминдэмийг дотор нь тосонд уусдаг, усанд уусдаг аминдэмүүд гэж хоёр ангилдаг. Усанд уусдаг аминдэм нь биед хадгалагдалгүй ихэвчлэн гадагшилдаг учраас хоолоор дамжуулан өдөр бүр хэрэглэх хэрэгтэй. Харин тосонд уусдаг аминдэмийн шингэц болон бодисын солилцооны явц нь хоолны өөх тостой адилхан ба биед хадгалагддаг учраас хэт их хэмжээгээр, удаан хэрэглэвэл илүүдэх шинж тэмдэг илэрдэг. Аминдэмийн дутагдал нь удаан хугацааны дараа өвчин үүсэхэд нөлөөлдөг бол эсрэгээрээ хэт хэрэглээ нь мөн хортой нөлөө үзүүлдэг учир хоногийн зөвшөөрөгдөх хэмжээ гэж байдаг. 

  • Тосонд уусдаг аминдэмд:A, D, E, K гэсэн 4-н төрөл, 
  • Усанд уусдаг витаминд B1 (Тиамин), B2 (Рибофлабин), Ниасин, B6,  Фолийн хүчил, B12, Пантотений хүчил, Биотин, С витамин (Аскорбины хүчил) гэсэн 9 төрөл байна.

Сүүлийн үед аминдэмийн бэлдмэлийг өргөн хэрэглэх болсон. Судалгаагаар аминдэмийн бэлдмэлүүд нь биед үйлчилдэг үйлчилдэггүй янз бүр байдаг учир хоол хүнсээрээ дамжуулан аминдэмийг авах нь хамгийн сайн арга юм. Аминдэмийн нэмэлтээс та зөвхөн нэг л аминдэмийг олж авах бол харин хоол хүнсэнд илүү олон төрлийн шим тэжээл байгааг санах хэрэгтэй. Таны идэж байгаа хоол хүнс аль болох байгалын гаралтай, олон төрлийн, үйлдвэрийн боловсруулалт хийгээгүй, олон янзын өнгөтэй байх тусам та ямар нэгэн аминдэмийн дутагдалд орохгүй байх боломжтой.