Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / П. Дуламрагчаа: Иргэд стресс, таргалалт, хөдөлгөөний дутагдлаас болж мэдрэлийн эмгэгтэй болж байна.

П. Дуламрагчаа: Иргэд стресс, таргалалт, хөдөлгөөний дутагдлаас болж мэдрэлийн эмгэгтэй болж байна.

Нийтэлсэн огноо: 2019-08-28

Мэдрэлийн өвчлөл нь манай улсад ямар байгаа, ямар шалтгаантай, иргэд юуг буруу хэрэглэснээр энэ төрлийн эмгэгтэй болж байгаа талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн мэдрэл судлалын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, дэд профессор П. Дуламрагчаатай ярилцлаа.

 

-Сэтгэц, мэдрэлийн өвчлөл нь манай улсын хувьд ямар төвшинд байна вэ?

-Мэдрэл судлалын салбар нь хүний тархи, нугас болон захын мэдрэлийг судалдаг. Манай улсын хувьд, тархины цус харвалт нь тэргүүлэх чиглэлийн өвчлөл болоод байна. Сүүлийн тав, зургаан жилд бид тархины цус харвалтад онцгой анхаарч байна. Учир нь,  нас баралтын үндсэн шалтгаан болоод зогсохгүй, нас залуужиж, тус өвчлөлөөс болж иргэд хөдөлмөрийн чадвараа ихээр алдаж байна.

Хоёр болон гуравдугаарт нь  захын мэдрэлийн эмгэгүүд болон мэдрэлийн халдварууд орно. Манайхан үүнийг менингит инсулат гэх нэрээр нь маш сайн мэднэ. Захын мэдрэлийн эмгэгтэй болсон бол нуруу татдаг. Мөн чихрийн шижингийн гаралтай хүндрэлүүд, тархи нуруу нугасны гэмтлүүд, хавдрууд нь захын мэдрэлийг гэмтээдэг.

-Эдгээр өвчлөлүүд нь ямар шалтгааны улмаас үүсдэг вэ?

-Тархины цус харвалт цусны даралт ихсэх өвчний шууд үр дагавар юм. Хэрвээ цусны даралтаа сайн хянаад, зохих ёсны эмчлүүлбэл  цус харвахгүй. Сүүлийн үед зөвхөн Монголд биш, дэлхийн дахинд вирусийн халдварууд сэргэж байна. Энэ утгаараа тархи, нуруу нугасны халдвар, менингит  зэрэг өвчлөл их гарч байна.

-Тархины цус харвалт нь бүрэн эмчлэгдэх боломжтой юу?

-Халдварын эмгэгүүдийг цаг алдалгүй зөв эмчилбэл эдгэрнэ. Маргааш болох олон улсын хурлаар бид энэ асуудлыг голчлон хэлэлцэнэ. Гэхдээ тахир дутуугийн зэрэгт оруулахгүйгээр, иргэнээ эмчилж байгаа тохиолдол их болсон.

-Ямар буруу зуршил нь тархины болон мэдрэлийн эмгэгт хүргэж байна вэ?

-Одоо бол өвчилсөн хойно нь асуудлыг шийдэхгүй, аль болох өвчлөхгүй байх тал дээр нь эмч нар болон ард иргэд хамтарч ажиллах хэрэгтэй байгаа юм.  Жишээлбэл, хамгийн түрүүнд биеийн жингээ барьж сурах.  Биеийн жин өөрийнхөө насанд болон өөрийнхөө өндөрт таарсан байвал аливаа өвчнөөс сэргийлэх  бүрэн боломжтой. Мөн  шууд болон дам нь судасны хатууралд хүргэж байна. Үүнийг зохицуулж болох л асуудал. Судасны хатуурлаас урьдчилан сэргийлж, тамхи татахгүй байх нь харвалтаас урьдчилан сэргийлж чадаж байна гэсэн үг. Дараагийн нэг чухал зүйл нь хөдөлгөөн. Хүн амын дийлэнх хувь нь хөдөлгөөний дутагдалтай байна. Иргэд насандаа тохируулаад, тодорхой хугацаагаар, тогтмол дасгал хөдөлгөөнийг заавал хийж байх ёстой. Энэ нь эрүүл мэндээ хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. “Би суугаа ажилтай, компьютер дээр байнга ажилладаг хүн” гээд хөдөлгөөн хийхгүй байж болохгүй.  Ажлын байран дээр дасгал хөдөлгөөнийг заавал хийх хэрэгтэй. Мөн нэг дор хэт цадаж идэх, эсвэл нүүрстөрөгч ихээр агуулсан гурил, сахар зэрэг хүнсний бүтээгдэхүүн их хэрэглэх нь мэдрэлийн урьтал өвчин рүү хөтөлнө.

Муу зуршлаасаа салж чадахгүй бол цаад талд нь олон өвчин хүлээж байдаг. Ганцхан мэдрэлийн өвчин биш, хоол боловсруулах, ходоод гэдэс нь өвдөх, шарх сорви үүсэх зэрэг өвчлөл үүснэ.

-Ажлын ачаалал болон нийгмийн бусад хүчин зүйлээс болоод нойр, хоолгүй олон хоног явдаг шүү дээ. Тэгээд зан араншингийн хувьд их өөрчлөгддөг. Энэ нь мэдрэлийн өвчнөөр өвдсөн байна гэсэн үг үү?  

-Нийгмийн хүчин зүйлсээс шалтгаалж, сүүлийн үед хүмүүсийн уур уцаар нэмэгдэж, их амархан уурлаж, стресстдэг болсон. Хувь хүн үүнд менежмент хийж сурах хэрэгтэй. Стрессээ тайлж сурахгүй  толгойн өвчин, ядаргаа, уур бухимдал, нойргүйдэл зэрэг завсрын эмгэгүүдтэй болно. Завсрын гэж хэлж буй нь эмчилбэл эрүүл болно, үгүй бол мэдрэлийн эмгэгтэй болно гэсэн санаатай. Мэдрэлийн өвчлөл эрүүл иргэн хоёрын завсарт байдаг. Орчин үед завсрын эмгэг бүр мэдрэлийн эмгэгийг үүсгэж байна. Эхлээд, тухайн хүний зан төрхөд өөрчлөлт орно. Тухайлбал, уурлаж бухимдах нь ихсэж, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй болж, хурдан гомдож,  огцом түргэн зантай болж, шөнө унтаж чадахгүй болдог.

Үүнд нөлөөлж буй нэг хүчин зүйл нь бид хоорондоо хэтэрхий их мэдээлэл солилцож байна. Нэг ойтой хүүхэд ээж аавынхаа утсыг оролддог. Тэгэхээр мэдээллийн хэрэгцээг хязгаарлах хэрэгтэй байна. Хүнийг айлгах, сэтгэц нь нөлөө үзүүлэх,стресстүүлэх  мэдээллийн урсгал ихэсжээ. Мэдрэлийн эмч дээр ирж буй ихэнх тохиолдлуудыг харвал нойргүй, хоолгүй, ядарсан байдалтай байна. Учир шалтгааныг нь хараад байхаар ажил амралтын дэглэм зохисгүй байна.

-Ямар шинж тэмдэг илэрвэл, мэдрэлийн өвчлөл гэж үзээд, эмчид хандах вэ?

-Толгой нь урьд нь өвдөж байгаагүйгээр өвдөх, эсвэл эхлээд өвдөхдөө жаахан хатгуулж байсан бол дараагийн өвдөлт нь маш хүчтэй лугшиж байвал,  эсвэл лугшиж өвдвөл эмчид хандах хэрэгтэй. Мөн ухаан алдаж, хөл гар нь анх удаа татсан тохиолдолд эмчид хандана. Нүүр нь мурийх, хэл яриа нь өөрчлөгдөх, гар хөл хүндрээд болоод ирвэл үүнийг харвалт гэж үзнэ.

-Мэдрэлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тухайд та юу гэж зөвлөх вэ?

-Давсны хэрэглээгээ хязгаарлах нь өвчлөлөөс урьдчилан сэргийлж буй чухал хүчин зүйл юм. Давстай цай бол уух хэрэггүй.  Мөн цус харвасан хүнд халуун чанарын хоол хүнс өгч болохгүй.  Аль болох үхрийн махтай, хөнгөн хоолыг зөвлөдөг. Шингэн их сайн ууж,  сүүтэй цай гэхээсээ илүү бор цай түлхүү уух хэрэгтэй. Судасны хатуурал үүсвэл  хүнсний ногоо хэрэглэх хэрэгтэй.  

Илүүдэл жинтэй хүн бол жингээ хасаж, өөрийн өндөрт таарсан жинтэй болох хэрэгтэй. Нойроо сайн авч насанд хүрсэн хүн бол найман цаг, хүүхэд бол арай илүү унтаж амрах хэрэгтэй.

Мэдээллийн эх сурвалж: http://itoim.mn/article/thChW/17958