Зөвөлгөө

Жирэмсний хяналтын ач холбогдол

Нийтэлсэн огноо: 2017-11-29

Жирэмсний хяналт гэдэг нь таныг жирэмсэн байх хугацаанд буюу төрөхийн өмнөх үед үзүүлэх эрүүл мэндийн цогц тусламж юм. Энэ тусламжийн хүрээнд таны жирэмсний явц дахь биеийн байдал болон таны хүүхдийн өсөлт хөгжил зэргийг хянадаг. Жирэмсний эхний гурван сарын дотор эмчийн хяналтад орох нь жирэмслэлт, төрөлтийн хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Жирэмсний хяналтын ач холбогдол:

Жирэмсний хугацааг эрт хугацаанд зөв тогтоох боломжтой байдаг. Энэ нь жирэмсний амралтын болон төрөх хугацааг зөв тогтоох ач холбогдолтой. Эхийн амь насанд аюултай эмзэг байдлыг эрт илрүүлж, жирэмслэлтийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг эрт шийдвэрлүүлэх боломжоор хангагдана. Жирэмсний тээлтийн хугацаанд эх, ургийн байдлыг хянаж, одоогийн жирэмсний эмгэг байдлыг эрт илрүүлж, эмчлэн эрүүлжүүлэх буюу нарийн мэргэжлийн эмнэлэгт хэвтүүлж эмчилснээр төрөх үеийн хүндрэлээс урьдчилан сэргийлнэ. Ургийн бүтэлт, гажиг хөгжил зэргийг эрт илрүүлж, зохих арга хэмжээг эрт авна.