Зөвөлгөө

Жирэмсэн үеийн хооллолт

Нийтэлсэн огноо: 2017-11-29

Хоол хүнсэндээ цус төлжүүлэх болон ургийн өсөлт хөгжилтийг хангах уураг, нүүрс ус, амин дэмээр баялаг зүйл хэрэглэнэ. Хэрэв бололцоотой бол жимс, хүнсний ногоо, мах, цагаан идээ, өндөг зэргийг урьд хэрэглэж байсан хэмжээнээс нэмэгдүүлэх хэрэгтэй. Сүү, бяслаг, тараг нь кальц агуулдаг тул ургийн өсөлтөд чухал нөлөөтэй.

Төмөр-фолийн хүчил нь цусан хангамжийг сайжруулахад онцгой шаардлагатай бөгөөд энэ нь жин багатай хүүхэд төрөх, ураг ба нярайн бүтэлт, архаг цус багадалттайн улмаас хүүхэд өвчлөмтгий байх зэрэг янз бүрийн хүндрэлээс хамгаалах ач холбогдолтой. Төмөр бидний иддэг хоол унданд хангалттай байдаг бөгөөд долоо хоногт хоёроос доошгүй удаа элэг ба бололцооны хэрээр мах хэрэглэвэл зохино. “С” амин дэмээр баялаг шинэ ногоо, жимс хэрэглэх нь төмрийн шимэгдэлтийг дэмждэг. Фолийн хүчил нь элэг, бөөр, байцаа, шанцай, хан боргоцой, хар талх, хөх будаанд агуулагддаг. Гэхдээ жирэмсний үед хэрэгцээтэй төмөр, фолийн хүчлийг хоол тэжээлээр хангалттай авч чаддаггүй тул жирэмсэн эх төмөр-фолийн хүчил агуулсан шахмалыг эмчийн зөвлөгөөний дагуу уух шаардлагатай.