Зөвөлгөө

Зарим онцгой үед баримтлах амьдралын дадал

Нийтэлсэн огноо: 2017-11-30

Өлсөх, ундаасах, бөөлжих, эвшээх, найтаах, амьсгал авах, гаргах, нойр хасагдах, цэр, нулимс, баас, шээс, унгас, дусал гарах зэрэг хааяа тохиолдох үйлүүдийн үед явдал мөрөө тохируулж эрүүл мэндээ хамгаалан нас уртасгах талаар өгүүлэх болно. Үүнд:
  1. Аливаа хүн их өлсөж болохгүй бөгөөд энэ үед идээ ундаагаа улам хоривоос бие махбодын тэнцвэр алдагдаж тамирын боловсролт дэс дараалан муудаж, идээ ундаа идэж, уух дур хүсэл буурч толгой эргэх, турж эцэх өвчин гарах болно. Энэ үед нь шингэхэд хялбар, хөнгөн, тослог, бүлээн, төгс шөлөн идээг бага багаар дасгаж өгөхийг шамдах хэрэгтэй. Цаашид хэвийн хоолондоо шилжвэл зохино.
  2. Ам их цангаж байгаа үед уух зүйлийг хоригловоос хоолой хатаж, толгой эргэж зүрхний өвчин болох бөгөөд архи ууж согтсон мэт ухаан санаа балартах болно. Ийм учраас сэрүүн чанартай ус, цэгээ, хоормог зэрэг ундааны зүйлүүдийг хурдан шүтүүлэх хэрэгтэй.
  3. Бөөлжихийг хоригловоос идээ ундааны дур хаагдаж, амьсгал бөглөрөх, цайвар хаван, хавдар өвчин хийгээд нүдний өвчин, цэр арвижих өвчин, хижиг тусах болно. Энэ үед бага зэрэг өлсгөж цагаан зандан, агар зэрэг сайн үнэртний хурц утааг хамраар татуулж тэдгээрийн шүүсийг амандаа том балгаж зайлаад асгавал зохино.
  4. Найтаахыг хоригловоос нүд тэргүүтэн таван мэдрэхүйн эрхтний хүч суларч, оюун ухаан тодорхойгүй болох, толгой өвдөх, шилэн хүзүү хөшиж эргүүлж чадахгүй болох, ам нэг зүгт мурийх зэрэг өвчин болохын зэрэгцээ эрүү сулрах, булчингийн хүч буурах төдийгүй хий өвчин болох болно. Ийм учраас найтаахыг хориглох хэрэггүй бөгөөд түүний гэмийг арилгахдаа агар, зандангийн хурц утаа болон ил задгай галын утааг шүтэж найтаах хэрэгтэй.
  5. Эвшээхийг хоригловоос найтаахтай адил өвчин болох ба түүнийг арилгах арга нь амтлаг, хүнд, тослог хийг дарах ерөндгийг шүтүүлбэл туслах болно.
  6. Алжааж зүдэрснээс амьсгаадах үед түүнийг хүчээр зогсоохыг оролдвол хийн бэтэг өвчин, зүрхний өвчин болох ба солиороход ч хүрч болно. Хэрвээ өвчин болсон бол даруй бие, хэл, сэтгэл гурвыг тайван байлгаж хий арвидсаныг амирлуулах эмчилгээ хийвэл зохино.
  7. Шөнийн нойрыг олон хоног хоригловоос эвшээх, бие зүдэрч залхуурах, толгой хүндэрч өвдөх, нүд бүрэлзэх, таван эрхтний мэдрэхүй буурах, ходоодны галын илч багасч идээ шингэхгүй болох шинж гарна. Хэрэв ийм шинж гарвал чимээ шуугиангүй орчинд тайван амрах, тарган мах чанаж шөлийг уух, архийг бага зэрэг хэрэглэж биедээ тос түрхэх үйлийг үйлдэж хийг дарж тайвшруулах эмийг шүтүүлэх хэрэгтэй.
  8. Ханиалгах цэр гарахыг хоригловоос цэр нь арвижих, амьсгал амаргүй өвчин болж улмаар турж эцэх, түүнчлэн зогисох, идээнд дургүй болох, зүрхний өвчин болж хүндрэх болно. Ийм учраас цэр хөөхийг зарчим болгож хийгээс болсон бол чацаргана, перец, бурам найруулсан нухмалыг, бадган, шараас шалтгаалсан бол хайлсан тос өгч бөөлжүүлбэл тусална.
  9. Нулимс гарахыг хоригловоос зүрх, хоолой өвдөх, хамраас шингэн ус гоожих, толгой эргэх, идээ ундаанд дургүй болох зэрэг өвчин болно. Хэрэв дээрх өвчин болбол тухайн өвчнийг анагаах зарчмын дагуу сэтгэлд тааламжтай чимэг төгс яруу сайхан үгс ярилцаж эмчилбэл тустай.
  10. Унгахыг хоригловоос баас хатаж, унгас, баас хоёулаа хаагдаж хуйлраад гэдэс, олгойгоор хатгуулах, нүд бүрэлзэх, биеийн илч нь буурах шинж гарах бөгөөд зүрхний өвчин болж хүндэрнэ.
  11. Баасыг хоригловоос дээш урваж амнаас муухай үнэр үнэртэх, толгой өвдөх, хөл гарын булчин татах, ханиад хүрэх зэрэг унгасыг хорихтой адил өвчин болно.
  12. Удаан хугацаагаар шээсийг хоригловоос бөөр, давсагны чулуу болж хүндэрнэ. Үүнээс сэргийлэхдээ шээсийг удаан хугацаагаар барихыг хориглож, халуун ус, таван рашааны дэвтээлэг хийж, халуун жин тавьж хэрэглэх нь өндөр ач холбогдолтой.
  13. Дуслыг хүчээр хоригловоос дусал цувирах, бөөр, давсагны өвчин, шээс хаагдах, эр бэлэг эрхтэн өвдөнө. Шээс хаагдах үеийн эмчилгээтэй адил болно.