Нүүр хуудас / Бидний тухай / Түүхэн товчоо

Түүхэн товчоо

  • Идэвхтний тасаг

    1931 оны 5 сарын 18-ны өдөр, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын 31 дүгээр хурал дээр ЭХЯ-ны сайд Д.Пунцагийн сонсголыг авч хэлэлцээд идэвхтэн гишүүдийг эмчлэх тусгай больниц байгуулах тухай шийдвэр гаргажээ. Ингэснээр 1931 оны 11 сарын 1-нд тэр үеийн Төв эмнэлгийн дэргэд найман  ортой хоёр палат, үзлэгийн нэг  өрөөтэй, нэг эмчтэй тасаг нээн ажиллуулсан нь одоогийн Клиникийн II Нэгдсэн Эмнэлгийн анхны эх үүсвэр байсан юм. “Идэвхтний  тасаг” нь жилд дунджаар 100 орчим  хүнд үйлчлэж, 2200 ор хоног биелүүлж, давхардсан тоогоор 2400-3000 орчим хүнд амбулаторийн үзлэг  хийж   байжээ.

  • Сайд нарын эмнэлэг

    1946 оноос идэвхтний тасгийг өргөтгөн "Сайд нарын эмнэлэг" гэж нэрлэн нарийн мэргэжлийн эм нар үзлэг хийдэг амбулатори бүхий бие даасан эмнэлэг болгон 25 ортойгоор одоогийн Төрийн Тусгай Албаны Хаагчдын Эмнэлгийн байранд байгуулж нам, төрийн зүтгэлтэн, ардын хувьсгалын партизан, гадаадаас тус улсад суугаа дипломат албаны хүмүүст үйлчилж байжээ. БНМАУ ын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 365 тогтоолоор тус эмнэлгийг Сайд нарын зөвлөлийн хэрэг эрхлэх газрын харъяанд шилжүүлж, 30 ортой, 7 их эмчтэй, бүгд 68 орон тоотой, 800000 орчим төгрөгний төсөвтэй, жилд дунджаар амбулаторийн үзлэг 3500 хүнд хийж, 13000 ор хоног ашигладаг, 6500 орчим хүн амыг хамран үйлчлэх болгон өргөтгөсөн байна.

  • Улсын Нэгдсэн Тусгай Эмнэлэг

    БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Чехословак улсын тусламжтайгаар орчин үеийн багаж, төхөөрөмжөөр тоноглогдсон 110 ортой төрөл бүрийн 12 кабинет, нэгдсэн лаборатори, эмчилгээний тусгай тасгуудтай, поликлиник бүхий нэгдсэн эмнэлгийн барилгыг барьж 1960 оны 10 дугаар сарын 9-ний өдөр ашиглалтанд оруулсан нь тус эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, томоохон эмнэлгийн хэмжээнд хүргэсэн юм. 1965 онд Хүүхдийн 50 ортой эмнэлэг ашиглалтанд оржээ. 1975 оны байдлаар тус эмнэлэг нь 150 ортой үүнээс хүүхдийн ор 50, үндсэн 7 тасагтай, бүгд 283 орон тоотой, жилд 4,3 сая төгрөгний төсөвтэй, 34000 ор хоног ашиглаж, амбулаторийн үзлэг 106,8 мянгыг хийж, 10000 гаруй хүн амыг хамран үйлчилдэг байв. 1981 онд 50 ортой Дотрын 2-р тасгийн барилга болон захиргаа, аж ахуйн барилга ашиглалтад орж иж бүрэн тохижилттой томоохон эмнэлэг болон өргөжжээ.

  • Клиникийн II Нэгдсэн Эмнэлэг

    1991 оноос  үйлчлэх хүрээгээ тэлж, үндсэн үйлчлүүлэгчид дээрээ Говийн 4 аймаг  Баянзүрх   дүүргийн   иргэдэд  эмнэлгийн  тусламж  үзүүлэх болсон бөгөөд Клиникийн II  нэгдсэн эмнэлэг гэж нэрлэгдэх болжээ. 1999-2000 онд тус эмнэлэг нь Японы Засгийн Газрын буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн нь эмнэлгийн оношлогоо эмчилгээний хүчин чадлыг бэхжүүлэн олон улсын түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой болсон юм. Тухайлбал, Компьютер Томограммын шинжилгээг Монгол улсад анх удаа нэвтрүүлсэн.

  • Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

    Монгол улсын Эрүүл мэндийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж  2013 оноос Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг хэмээн нэрлэх болсон.