Зөвөлгөө

Эрүүл мэндэд тустай өөх тосыг хэрэглэе

Нийтэлсэн огноо: 2014-09-03

Өөх тос бидний биед ямар хэрэгтэй вэ?

  • Бие махбодыг илчлэгээр хангана
  • Биед илүүдсэн илчлэгийг өөх хэлбэрээр нөөцөлнө
  • Хэрэгцээтэй тосны хүчлээр хангана
  • Арьс үсний эрүүл байдлыг тэнцвэржүүлнэ
  • А, Д, Е, К амин дэмийг биед шингээх, зөөвөрлөхөд тусална
  • Хоолны амт сайжруулна
  • Өлсөх мэдрэмжийг удаашруулна

Өөх тосыг дотор нь сайн тос, муу тос, аюултай тос гэж гурав ангилдаг.

Сайн тосыг хамгийн энгийнээр тайлбарлавал тасалгааны хэмд шингэн төлөвтэй байдаг ургамлын гаралтай бүх төрлийн тос гэж ойлгож болно. Үүнийг өөрөөр ханаагүй тос гэж нэрлэдэг. Ургамлын тосонд хүний биед зайлшгүй хэрэгцээтэй эрүүл мэндэд чухал нөлөөтэй линолын болон линолейны хүчил байх бөгөөд энэ тосгүйгээр хүн амьдрах боломжгүй юм. Үүнийг байнга хоол хүнсэндээ хэрэглэх нь таныг эрүүл байлгаж, урт наслахад чухал үүргийг гүйцэтгэдэг.

Муу тос нь тасалгааны хэмд хатуу төлөвтэй байдаг бүх төрлийн амьтны гаралтай өөх тос орно. Үүнийг ханасан тос гэж нэрлэдэг. Үхэр, хонь зэрэг улаан махтай амьтад болон гамбургер, зайдас, бяслаг, цөцгий, масло зэрэг нь нэлээд өндөр ханасан өөх тос агуулдаг. Мөн сүүнээс гаргаж авсан өрөм, шар тос, зөөхий зэрэг багтана. Цаашилбал төрөл бүрийн түргэн хоол, бүхий л цаг хэмнэсэн хоол хүнсний ихэнх нь ханасан өөх тос агуулдаг.  Энэ төрлийн өөх тосыг их хэмжээгээр хэрэглэх нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

Аюултай тос нь ургамлын гаралтай шингэн тосыг үйлдвэрийн аргаар хатуу хэлбэрт оруулсан буюу устөрөгчөөр баяжуулсан тосыг хэлэх ба үүнийг транс өөх тос гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл транс өөх тос гэдэг нь тосны бүтцэд устөрөгчийн атомыг нэмснээр ханасан буюу илүү хатуу хэлбэрт оруулсан тос гэсэн үг. Транс тосыг үйлдвэрийн аргаар хатуу хэлбэрт оруулж гарган авдаг учраас бидний эрүүл мэндэд муу нөлөөтэй.

Тэгвэл яагаад эдгээр, эрүүл мэндэд муу нөлөөтэй өөх тосыг бид хэрэглээд л байдаг юм бол? Яагаад гэвэл ханасан өөх тос нь исэлдэж муудах нь бага байдаг. Тиймээс энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг урт хугацаагаар хадгалж болдог. Тэднийг жил сараар хадгалсан ч яах ч үгүй. Харин үүний оронд сайн тос хэрэглээд бүтээгдэхүүнийг жил хүртэл хугацаагаар хадгалчихвал хуршиж муудан зарж борлуулах боломжгүй болдог. Эндээс үзэхэд хоол хүнсний хадгалалт бидний эрүүл мэндийн төлөө биш, ашгийн төлөө байдаг.

Транс тосоор баялаг хоол хүнс хаана байдаг вэ? Төрөл бүрийн түргэн хоол, тосонд чанаж болгосон хоол зэрэг нь их хэмжээний транс тос агуулдаг. Жигнэмэг болон гоё цаастай, аманд ормогцоо хайлдаг пичень үүнд багтана. Учир нь жигнэмгийг хийх явцад нягтаршсан өөх тос /маргарин/ ихээр хэрэглэдэг ингэснээр хадгалалтын хугацаа урт болдог.

Тэгвэл хүний эрүүл мэндэд хэрэгтэй ханаагүй тосыг хаанаас, ямар төрлийн хоол хүнснээс олж болох вэ?Өвчлөх эрсдлийг бууруулхын тулд өдөрт 3-4 гр сайн тосыг бид авах хэрэгтэй юм. Төрөл бүрийн самараас /хушга, бүйлс, газрын самар гэх мэт/ өдөрт 1 атгыг хэрэглэхэд мөн канолын болон, шар буурцаг, оливын тосноос өдөрт амны нэг халбагыг хэрэглэхэд л тэрхүү өөрт хэрэгтэй тосыг авч чадна. Мөн эдгээр тосыг агуулсан бүтээгдэхүүн нь сайн тосны эх сурвалж юм.