Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / "Нийгмийн эрүүл мэндийн сувилахуй" эрдмийн чуулган боллоо.

"Нийгмийн эрүүл мэндийн сувилахуй" эрдмийн чуулган боллоо.

Нийтэлсэн огноо: 2019-04-24

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эмнэлзүйн шийдвэрийг зөв гаргах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохистой үзүүлэхэд шинжлэх ухаанаар нотолгоотой мэдлэг туйлын чухал билээ. Энэхүү мэдлэгийг арвижуулахад эмнэлгийн мэргэжилтнүүдийн өдөр тутам хийж байгаа ажилдаа үнэлэлт өгөх, байгаа зүй тогтлыг ажиглах, тэмдэглэх, таамаглал дэвшүүлэх, шинжлэх ухаанчаар тайлбарлах үйл ажиллагаа ихээхэн ач холбогдолтой. Иймээс ч эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс судлаачийн ур чадварыг шаарддаг бөгөөд судалгааны ажил нь тухайн мэргэжилтний мэдлэгийг дээшлүүлэх, логик сэтгэлгээг хөгжүүлэх, сайн мэргэжилтэн болоход туйлын ач тустай билээ. Тус эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн 2019 оны Эрдмийн чуулган 4 дүгээр сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. 

Тус чуулган удирдамжийн дагуу явагдаж, нийт 15 илтгэл хэлэлцүүлж, эхний гурван байрыг тодрууллаа. 

  • I байр: Уламжлалт эмчилгээний тасгийн сувилагч О.Шагдар нарын "Идээ ундаа, явдал мөрийн нөхцөлөөр илүүдэл жинг бууруулах зарим асуудал"
  • II байр: Яаралтай тусламжийн тасгийн сувилагч Г.Долгорсүрэн нарын "Яаралтай тусламжийн тасгаар тусламж авсан үйлчлүүлэгчдийг эрэмбэлсэн байдалд хийсэн судалгаа" 
  • III байр: Тусгай тасгийн сувилагч С.Оюун-Эрдэнэ нарын "LACE үнэлгээ"
  • Тусгай байр: Зүрх судас судлалын тасгийн сувилагч Д.Оюун-Эрдэнэ нарын "Зүрхний архаг дутагдалтай өвчтөнүүдийн амьдралын чанар болон зургаан минутын сорил хоорондын харьцуулсан судалгаа" сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.

Эрдийн чуулганд оролцож илтгэл хэлэлцүүлсэн нийт судлаач сувилагч, тусгай мэргэжилтнүүд болон тус чуулганд судлаач сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ зохион байгуулан оролцуулсан удирдлага, хамт олонд талархал илэрхийлэн та бүхний цаашдын сургалт, судалгааны ажилд өндөр амжилт хүсье.