Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Zr89 (zirconium89) изотоп бодисыг оношилгоо, эмчилгээнд ашиглах талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Zr89 (zirconium89) изотоп бодисыг оношилгоо, эмчилгээнд ашиглах талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Нийтэлсэн огноо: 2019-03-11

УХТЭ-ийн Үндэсний оношилгоо эмчилгээний төвд суурилагдаж буй ПЕТ-СТ тоног төхөөрөмж нь оношилгоо, эмчилгээний хамгийн орчин үеийн дэвшилтэт технологи бөгөөд уг технологи нь хавдрын оношилгоонд нэн ач холбогдолтой юм. Мөн ПЕТ-СТ-д ашиглагдах радио-изотоп бодис үйлдвэрлэх циклотрон суурилагдаж байгаа нь зарим халдварт бус өвчин, хорт хавдрыг эмчлэх бүрэн боломжтой болж байна. Энэхүү ажлын хүрээнд 2019 оны 3 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд БНСУ-н Радиологийн эрүүл мэндийн институтэд (KIRAMS) “1st Radioisotope-Antibody Drug Asian Conference” хуралд УХТЭ-н дарга Г.Баясгалан, Стратеги төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга Б.Эрдэнэбулган нар оролцож тус байгууллагатай Zr89 (zirconium89) изотоп бодисыг оношилгоо, эмчилгээнд ашиглах талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.  Мөн Монгол улсад цөмийн оношилгоо, эмчилгээний өнөөгийн байдал сэдвээр илтгэл танилцуулав.

БНСУ-н KIRAMS нь азийн улс орнуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, эмнэл зүйн судалгаануудыг амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагатай байгууллага юм. Zr89 изотоп нь хөхний хорт хавдрыг илрүүлэхэд ач холбогдолтойгоос гадна эмчилгээний тунгаар ашиглах боломжийг судлаж байгаа юм.


Манай улсын хувьд цөмийн оношилгоо хэрэгцээ их байгаа бөгөөд нийт хамрагдах шаардлагатай иргэдийн 20 хувь нь гадаад улсыг зорьж уг оношилгоог хийлгэдэг. Гэвч үнэ өртөг өндөр учраас тэр бүр хамрагдаж чадахгүйгээс цаашдын эмчилгээний асуудалд маш хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг байна. УХТЭ-ийн үндэсний оношилгоо эмчилгээний төв нь нээгдэж үйл ажиллагаагаа эхлүүлэхэд багахан хугацаа үлдээд байгаа билээ.